Ерөнхий мэдлэг ойлголт, чадвар
1. Ажилчдаа тогтмол гамшгаас хамгаалах сургалтад хамруулдаг уу?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл 13.2.4 /Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтны/ гэсэн заалт байдаг.
2. Ажилчид нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай юу?
Ажилчдаа эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтад тогтмол хамруулж байгаарай. Энэ нь өөрийгөө болон бусдын амь насыг богино хугацаанд аврах боломжтой.
3. Танай байгууллагын ажилчид гал унтраагуур ашиглаж чадах уу?
Гал унтраагуур нь бага хэмжээний буюу дөнгөж үүсвэрлэн гарч байгаа гал түймрийг түргэн хугацаанд унтраах ач холбогдолтой тул ажилчдаа гал унтраагуур ашиглах дадлага сургуульд хамруулаарай.
4. Газ ашигладаг уу? Тийм бол алдагдсан тохиолдолд хийг хаах, унтраах арга хэмжээ авч чадах уу?
Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах заавар стандартыг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч ажилчдаа сургаж, дадлагажуулаарай.
5. Гамшгийн аюулын дуут дохио дуугарахад юу хийх ёстойг мэдэх үү?
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хавсралт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-аар гамшгийн аюулын дохиогоор хэрхэн ажиллах зааврыг авах бүрэн боломжтой.
6. Танай байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж байсан уу?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх заалт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийнэ”.
7. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар байгууллагын төсвийн 1 хувийг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Танай байгууллага тус заалтыг хэрэгжүүлж ажилладаг уу?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.2 “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна.
Галын аюулгүй байдал
1. Цахилгааны монтаж болон цахилгаан хэрэгсэл гэмтэлгүй юу?
Хэрэв цахилгаан хэрэгсэл залгуур, уртасгагч гэмтэлтэй бол солих, хэрэглэхгүй байх, нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгахгүй байх, цахилгаан дамжуулах утсыг хооронд нь холбож, хэрэглэхгүй байхыг зөвлөж байна
2. Галын аюулын дохиоллын систем хэвийн ажиллагаатай юу?
Та байгууллагын галын дохиоллын хэрэгсэл ажиллагаатай эсэхийг тогтмол хянана уу. Хэрэв дохиоллын хэрэгсэл, мөн хэвийн ажиллагаагүй бол мэргэжлийн байгууллага, болон СӨХ-д хандан засвар үйлчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
3. Гал унтраагуурын ашиглах хугацаа, хадгалалтын байдалд шалгалт хийсэн тэмдэглэлтэй юу?
Монгол Улсын стандарт MNS 5566:2020-ны
8.14 Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл нэг бүрийн хяналтын картыг хөтөлж хэвшинэ үү. Мөн сард нэг удаа гал унтраагуурыг сэгсэрч байнгын бэлэн байдлыг хангана.
4. Гал түймрийн аюулын үед ашиглах багаж хэрэгсэл нь бэлэн үү? /галын сарай бүрэн үү?/
Монгол Улсын стандарт MNS 5566:2020-ын дагуу
Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлдэнэ үү.
5. Шингэрүүлсэн хий /газ/ ашигладаг бол мэргэжлийн байгууллагаар холболт, угсралтыг хийлгэдэг үү?
Шингэрүүлсэн хийн угсралтын ажлыг хийдэг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран Хийн хангамж БНбД 42-01-04-т заасны дагуу холболтыг хийлгэх нь танд учрах гал түймрийн эрсдэл буурна.
Бэлтгэл, бэлэн байдал
1. Болзошгүй гамшгийн үед бие биедээ зарлан мэдээлэл хүргэх схем, утасны дугаарын жагсаалттай юу?
Гамшгийн тухай зарлан мэдээллийг хүлээн авмагц мөрдөх журам, төлөвлөгөө боловсруулж ажилтан бүр мэдэх нь болзошгүй гамшгийн үед чухал алхам юм.
2. Үер, усны аюулын үед ашиглах шуудайлсан элс, хайрга дайргын нөөц бүрдүүлсэн үү?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10-р зүйл 10.3.3, / гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах/ 10.3.5 /гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх/ гэсэн заалтуудын дагуу хүч хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй.
3. Болзошгүй гамшиг, осол тохиолдсон үед холбоо барих утасны дугаар, хаяг байршлаа мэдэх үү?
Болзошгүй гамшиг ослын үед айж сандралгүй тайван байж тусгай дугаарт дуудлага өгч, байгаа хаяг байршлаа үнэн зөвөөр хүргээрэй.
4. Болзошгүй гамшгийн үед ашиглах хүн нэг бүрийн үүргэвчтэй юу?
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар захирамжийн дагуу хүн нэг бүрийн үүргэвчийг бэлдэж бэлэн байдлаа хангаарай.
5. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр гэр орон, ажлын байрны тавилга, эд хогшлыг байрлуулах, бэхлэх арга хэмжээг авсан уу?
Та хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хангалттай мэдлэггүй бол www.belenbai.com цахим хуудсанд хандана уу.
6. Гэнэтийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хэрэглэх санхүүгийн нөөцтэй юу?
Танд гэнэтийн гамшиг ослын үед зарцуулах санхүүгийн нөөц, хуримтлал үүсгэхийг санал болгож байна.
7. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй юу?
• Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна.
• Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8-р зүйлийн 8.1-д аж ахуйн нэгж, байгууллага бүр гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна. Тус хуулийн 10.4.1 Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлнэ.
Аюулгүйн зам гарц, талбай
1. Барилгын давхар бүрийн аюулгүйн гарц, гарах хаалга, чиглэл заасан тэмдэг тэмдэглэгээтэй юу?
“Exit” буюу “гарц” бичигтэй тэмдэг: Гарцын байрлалыг заасан тод бичигтэй байна.
Өндөр: Ханы дээд хэсэгт буюу 2-2,5 м өндөрт байрлуулна.
Харагдах байдал: Тэмдэг нь тод, харанхуйд гэрэлтдэг (“фосфор” эсвэл “led” гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай)
Хэмжээ: Гарцын зай болон өрөөнөөс хамааран тодорхойлогдоно. Стандарт хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай.
Аврах зам гарцыг хааж эд зүйлс байрлуулахгүй байхыг зөвлөж байна.
2. Аюулгүйн гарц, хаалга чөлөөтэй эсэх? /цоожилсон бол түлхүүр хариуцсан нэг эзэнтэй юу/
Аврах гарц хаалга нь зөвхөн гадагш буюу аврах чиглэл тийш онгойдог гэдгийг санах хэрэгтэй.
3. Болзошгүй гамшгийн үед түр цугларах аюулгүйн талбайтай юу?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 19-р зүйл 19.3 /Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг нүүлгэн шилжүүлэх талбай, байршуулах байр, байгууллага, хуулийн этгээд нь түр цугларах аюулгүйн талбайтай байна/ гэсэн заалтыг хэрэгжүүлээрэй.