Гэр бүлийн гишүүдийн ерөнхий мэдлэг ойлголт
1. Танай гэр бүлийнхэн оршин сууж буй газартаа тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын тухай мэдэх үү?
- Монгол Улсад голчлон объектын болон ой, хээрийн гал түймэр, хур борооны үер, уруйн үер, шар усны үер, хүчтэй салхи шуурга, шороон шуурга, цасан шуурга, ган, зуд, аянга, газар хөдлөлт, хөрсний гулсалт, хүний болон мал, амьтны халдварт өвчин, үйлдвэрлэлийн осол зэрэг олон төрлийн аюулт үзэгдэл, осол тохиолдож байна.
Та манай цахим хуудаст зочлон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
- https://nema.gov.mn/
2. Мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын тухай мэдээ мэдээллийг ойлгож, хүлээн авдаг уу?
Та манай цахим хуудаст зочлоорой. https://nema.gov.mn/ Facebook: Онцгой байдлын ерөнхий газар
3. Аливаа гамшиг, тухайлбал гал түймэр, үер, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, аянга, халдварт өвчний өмнө, үед, дараа юу хийх тухай танай гэр бүлийн ойлголт мэдлэг хангалттай сайн уу?
Та манай цахим хуудаст зочлон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. https://nema.gov.mn/belen-bai-surgaltiin-hicheel
4. Гал түймэр, бусад гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед яаралтай дуудлага өгөх утасны дугаарыг мэдэх үү?
Та аль төрлийн утаснаас 101, 105 дугаарт залгаж яаралтай дуудлага өгөөрэй. Үнэ төлбөргүй. Утсаар ярихдаа хаана, юу тохиолдсоныг, мөн гэрийн хаягаа товч тодорхой хэлээрэй.
5. Гал түймэр, газар хөдлөлт зэрэг гамшгийн үед гэр, байшингаас яаралтай гарах аюулгүйн гарц, замаа мэдэх үү?
Тайван үед та өөрийн гарц, замаа тодорхойлоорой. Орон сууцанд амьдардаг бол аливаа гамшгийн үед цахилгаан шат ашиглахгүй. Явган болон ослын шатаар бууна.
Галын аюулгүй байдал
1. Гэртээ нэг залгуураас 2-оос илүү олон цахилгаан хэрэгсэл хамт залгахгүй байж цахилгааны хэт ачааллаас сэргийлдэг үү?
Та цахилгааны ачааллаа нэмэгдүүлэхгүй байж гал түймрийн аюулаас сэргийлнэ. Нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгах нь маш осолтой. Танай залгуур хэдэн оролттой байхаас хамаарахгүйгээр хүчдэл буюу ампераас давсан хүчин чадалтай цахилгаан хэрэгсэл нэг дор залгахгүй байгаарай.
2. Танай гэрт гэмтсэн, шалбарсан, зарим хэсэг нь хайлсан уртасгагч залгуур, унтраалга, бусад гэмтэлтэй цахилгаан тоног төхөөрөмж байхгүй юу?
Та гэмтсэн, шалбарсан, зарим хэсэг нь хайлсан уртасгагч залгуур, унтраалга, бусад гэмтэлтэй утас, хэрэгслээ даруй солино уу. Халалт өгөөд гал түймэр гарах эрсдэлтэй
3. Танайд гал түймрийн утаа мэдрэх төхөөрөмж, галын дохиолол бий юу?
Та гэртээ гал түймрийн утаа мэдрэх төхөөрөмж, галын дохиололтой болохыг зөвлөж байна. Таныг унтаж байхад, гал асаагаад буюу цахилгаан хэрэгсэл залгаад мартсан зэрэг олон тохиолдолд танд шууд чангаар дохио өгч, таны амь нас, эд хөрөнгийг аврах хэрэгсэл юм. Таны утаа мэдрэгч, дохиолол нь зай батерей хэрэглэдэг бол зайг тогтмол шалгаж байгаарай.
4. Танай угаарын хийн мэдрэгч хэвийн ажиллаж байгаа (Хувийн орон сууц, гэрт амьдардаг бол)
Өөрийн болон хайртай гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө угаарын хийн мэдрэгчээ унтраахгүй, хэвийн ажиллуулахыг зөвлөж байна.
5. Гал асаах, зул өргөх, арц хүж уугиулах, лаа асаах, үнсээ асгах зэрэг тохиолдолд гал алдахаас үргэлж сэргийлдэг.
Гал асаах, зул өргөх, лаа зэргийг асаахдаа шатах тослох материалыг хол байлгана. Мөн даавуу (гэрийн хөшиг, цонхны хөшиг г.м), цаасан материалтай эд зүйлийг холдуулаарай. Арц, хүжийг зориулалтын саванд хийж уугиулаарай. Галын оч үсрэхээс болгоомжилж, төмөр материалаар хаалт хийж болно. Үнсээ хөргөж асгах нь аюул багатай бөгөөд халуун үнс нурам асгах тохиолдолд төмөр саванд хийж таглаарай.
- Нэмэлт мэдээллийг цахим хуудаснаас авах боломжтой.
https://belenbai.mn/before-fire
6. Цахилгаан зуух, хийн зуух, хийн халаалт зэргийг хэрэглэхдээ аюулгүй байх нөхцөлийг гэр бүлдээ зааж тайлбарлаж өгдөг үү?
Цахилгаан зуух, хийн зуух, хийн халаалтыг ашиглахдаа тухайн хэрэгслийг ашиглах зааврыг дагахыг зөвлөж байна.
Бэлтгэл, бэлэн байдал
1. Газар хөдлөлт, бусад гамшиг, аюулт үзэгдэл, ослын дараа гэрийнхэнтэйгээ холбоо барих боломжгүй үед хаана цуглахаа ярилцсан уу?
Гэрийн ойр гэрийн бүх хүний мэдэх газрыг сонгоорой. Товлож байгаа газраа өөрсдөө очиж, хүн бүр мэдддэг байх хэрэгтэй.
2. Газар хөдлөлтийн үед өрөөний аль хэсэг хамгийн аюул багатай болохыг олж мэдсэн үү?
- Газар хөдлөлтийн үед чичирхийлэл намдтал дээрээс унаж болзошгүй хүнд болон хагарч, бутрах шил, толь зэргээс хол байж, өөрийгөө хамгаалах боломжтой газруудыг тогтоогоорой.
- Мөн даацын хана хаана болохыг мэдэж, түүнийг дагуу гурвалжин үүсэхүйц хэсгийг сонгох нь чухал. https://belenbai.mn/before-earthquake
3. Газар хөдлөлтийн чичирхийллийн үед унахаас сэргийлж гэрийн тавилга, хэрэгслийг тогтвортой байлгаж, бэхэлсэн үү?
- Хүчтэй газар хөдлөлтийн үед томоохон тавилгууд болон түүн доторх жижиг хэрэгсэл, жаазтай зураг, зурагт, аяга, шаазан эдлэлүүд унах аюултай тул дараах зүйлсийг урьдчилан хийсэн байх шаардлагатай. https://belenbai.mn/before-earthquake
4. Гэр бүлийн бүх гишүүдийн аюулгүй байдал, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бага насны хүүхдээ гамшгийн үед хэрхэн аюулгүй байрлалд шилжүүлэх, асрамжлах, хэрэгцээт эм тариа, асаргааны хэрэгсэл бэлэн байлгах тухай ярилцсан уу?
- Аливаа гамшгийн үед мэргэжлийн асрагч, гал сөнөөгчийг хүлээлгүйгээр боломжит арга хэмжээ авахдаа асран хамгаалагч шаардлагатай гэр бүлийн гишүүнийг хэн хэрхэн зөөвөрлөх тухай хоорондоо ярилцаарай. Хэрэгцээт эм, тариа, асаргааны хэрэгслээ нөөцтэй байлгахыг хичээгээрэй. Гамшгийн үед эмийн сан хаагдаж, олдоц ховордох нь түгээмэл байдгийг санахад илүүдэхгүй.
5. Гэнэтийн аюулт үзэгдэл, ослын үед хэрэглэх гэр бүлийн багц/хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйл бэлэн байгаа юу?
- Хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлийн жагсаалтыг https://belenbai.mn/before-earthquake хүлээн авч, бэлтгэлээ хангаарай.
- Мөн гэрийн тэжээвэр амьтдад хэрэгцээтэй зүйлийг хамтад нь бэлтгэхийг зөвлөж байна.
6. Гэнэтийн гамшиг, аюул үзэгдэл, ослын үед хэрэглэх тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай юу?
- Аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед ажил үйлчилгээ зогсох, орлого буурах буюу зогсох тул тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай байх нь чухал. Даатгал хийлгэсэн бол нөхөн олговор авах хүртэл эсвэл хэвийн горимонд орох хүртэл амин чухал хэрэгцээг хангахад ззриулагдана.
7. Хамтдаа ярилцаж гаргасан өрхийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөтэй юу?
Гамшиг, ослын үед хэн ямар үүрэгтэй байхаа тодорхойлж, хувийн чухал бичиг баримтаа хадгалах, хамгаалах, анхны тусламж үзүүлэх чадвартай болоорой. Мөн яаралтай үед холбоо барих дугаарыг гэр бүлийн гишүүн бүр мэддэг байхад суралцаарай.
Нийтийн зам гарц, талбай, хамтын ажиллагаа
1. Танай хашаа, орон сууцны гадна талд галын тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх зам, зай талбайтай юу?
- Орон сууцны хороололд гал унтраах тусгай зориулалтын автомашин зогсох тусгайлсан зогсоолтой байх (Галын аюулгүй байдлын үндсэн дурмийн 6-р зүйл), Орон сууцны барилгын тагт, аврах гарцыг хааж, бараа материал хураахгүй байх. Галын аюулгүй байдлын үндсэн дурмийн 6-р зүйл) зэрэг заалтыг хэрэгжүүлэхийг айл хөрш, СӨХ, баг, хороондоо сануулж, хариуцлагатай өрх байхыг зөвлөж байна.
2. Та бүхэн гэрийн ойр байрлах Иргэдийн түр цугларах аюулгүй талбайн байрлалыг мэдэх үү? Очиж шалгасан уу?.
- Та өөрийн гэрийн хамгийн ойр байрлах түр цугларах талбайгаа мэддэг байгаарай. Тухайн цугларах цэг нь ийм тэмдэглэгээтэй байдаг.
3. Хөрш айл, баг, хороо, Сууц өмчлөгчийн холбоотойгоо гал түймэр, үер, хүчтэй салхи шуурга, халдварт өвчин, газар хөдлөлт, химийн бодисын осол, дэлбэрэлт зэрэг олон төрлийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд санаачилга гарган хамтран ажилладаг уу?
“Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн ардын үгийг санаж хөрш айлууд, баг, хороо, сууц өмчлөгчийн холбоотойгоо хамтран орчиндоо гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг санаачлан хэрэгжүүлж, сайн туршлагаа хуваалцдаг байгаарай. Нэмэлт мэдээллийг https://nema.gov.mn/, https://belenbai.mn, “Аюулгүй өрх” гарын авлагаас хүлээн авах боломжтой.